Хүний түүх

А. Төр-Эрдэнэ: Волейболгүйгээр амьдралаа төсөөлж байгаагүй, төсөөлөхийг ч хүсэхгүй байна

2020-07-27

 Тэвчээр хатуужил, эр зориг гарган амжилтынхаа өөд мацаж буй залуу үеийн төлөөлөл ХасуМегастарс багийн тамирчин А. Төр-Эрдэнэтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

  • Сайн байна уу? өдрийн мэнд хүргэе урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Намайг Ариунаагийн Төр-Эрдэнэ гэдэг. 2000 оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр  Увс аймгийн Сагил суманд төрсөн.  Арваннэгдүгээр анги хүртлээ аймгийн төвийн Цогцолбор нэгдүгээр сургуульд суралцаад арванхоёрдугаар ангиа Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 84-р сургуульд суралцаж төгссөн. Одоо Глобал удирдагч дээд сургуулийн бизнесийн удирдлагын 3-р түвшинд суралцаж байна.

  • Энэ зуны амралт өмнөх жилүүдээс ямар ялгаатай байна вэ?

Тавдугаар  сар хүртэл тасралтгүй тэмцээнтэй байсан ч хөл хорионы улмаас амралтын байдалд шилжсэн.  Наадмын дараа хээрийн бэлтгэлд гардаг. Одоогоор  хувиараа бэлтгэлээ хангахын зэрэгцээ амарч, зугаалж өнгөрүүлж байна.

  • Хэзээнээс  гарбөмбөг сонирхож, хичээллэх болсон бэ?

 Манай ээж гарбөмбөг тоглодог. Нэг, хоёрдугаар ангиасаа л  ээжийнхээ бэлтгэл, тэмцээнд нь хамт явдаг байлаа. Гэртээ очиход ч Орос сувгаар гардаг эмэгтэйчүүдийн гарбөмбөгийн тэмцээнийг алгасалгүй үздэг. Анх нэгдүгээр сургуулийн биеийн тамирын Р.Баттулга багш маань сургуулийнхаа гарбөмбөгийн бэлтгэлдээ урьсан. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд удалгүй оролцсон нь анхны тэмцээн  сорилт  байлаа. Хүрэл  медалийн төлөөх тоглолтод хожигдоод л гар бөмбөгт улам ихээр “хорхойссон” доо.  Магадгүй хүүхэд насны хор шар байсан биз. Тэмцээнээс тэмцээнд ур чадвараа сайжруулахын тулд их   бэлтгэл хийсэн  нь гар бөмбөгийг илүү мэргэжлийн тамирчин болоход илүү нөлөөлсөн болов уу.  Мөн хөл бөмбөг, сагсан бөмбөг сонирхдог. Багадаа гадаа шийдэн дээр тоглодог байсан бол  одоо   Д.Даваадорж дасгалжуулагчтай “Мөнгөн Цагираг” сагсан бөмбөгийн клубд тоглож байна.

  • Гарбөмбөгөөр хичээллэж эхэлснээсээ хойш ямар багуудад ,ямар үүрэгтэй тамирчин байв ?

 Аймгийн Нэгдүгээр сургуулийн  шигшээ  , Увс аймгийн  шигшээ ,  84-р сургуулийн шигшээ болон Хөдөө аж ахуйн их сургуулийн шигшээ багуудад тоглож байсан. Одоо  “ХасуМегаватт ХХК” харьяа ОУХМ Л. Баатархүрээ дасгалжуулагчтай “ХасуМегастарс” багт харьяалалтай. Тоглож эхэлснээс хойш одоо хүртэл довтлогчийн үүрэг гүйцэтгэж байна.

  • Одоо харьяалагдаж байгаа багийн тань талаар ярилцацгаая

Баруун бүсийн гарбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд  Увс аймгийн баг бэлтгэл сайтай орсон ч багийн төлөвлөгөө алдагдсанаас шагналт байр эзэлсэн. Тэр үед тус тэмцээний шүүгчээр ажилласан Монголын гарбөмбөгийн холбооны шүүгч С.Мөнхдэлгэр ах  надад санал тавьж байлаа. “Чиний нуруу өндөр, тоглолт чинь сайн байна.  Чамд хотруу явж бэлтгэл хийх сонирхол байгаа юу? Хасумегастарс багийн  дасгалжуулагч Л. Баатархүрээ гэж хүн бий. Хэрвээ чи хүсвэл тэр багийн бэлтгэлд орж болно” гэж хэлсэн. Хот явах шийдвэрийг гаргахын тулд ээжтэйгээ зөвлөлдөөд  явахаар болов.  Анхны бэлтгэлдээ очоод нам хагасын байрлалаар шууд тоглуулахад торлуугаа цохих, довтолсон бөмбөг хаалтанд орох, бөмбөгөө алдах гэх мэт олон алдаа давхцаж байлаа.

  • Дээд лигийн аварга, чансаа өндөртэй энэ багийн хувьд Увс аймгаас  элссэн анхны тамирчин уу ?

Одоогоор  Увс аймгаас бүртгэлтэй ганц тамирчин байгаа нь би.  Өмнө нь  “Харх” гэх мэт өөр багуудад Увсын тамирчид тоглож байсан гэдэг юм билээ.

Амжилтыг хүн бүр авахыг хүсдэг ч чин үнэнчээр зүтгэж чадсан нь өөрийн болгодог.

  • Таны  хувьд урт хугацааны бэлтгэл, ямарваа нэг золиос гарган оролцож байсан дурсамжтай, сэтгэлд үлдсэн тэмцээнийхээ тухай хуваалцаж болох уу?

БЗД 84-р сургуулийн багт тоглож байхдаа Дүүргийн аварга шалгаруулах тэмцээн /АШТ/., Нийслэлийн АШТ-д  21-р сургуулийн багтай хоёр удаа таарч,  хожигдсон. Өмнө нь хожигдсон хоёр багаа хожсоноор, гутгаар байранд шалгарч, “Шилдгийн шилдэг” тоглогчийн шагнал авсан нь ихээхэн  үнэ цэнтэй. Багаараа  их хичээж , сэтгэл санаа бие бялдрын хувьд ч хувийнхаа бэлтгэлээ сайн хангасан учраас миний хувьд  2018 оны Нийслэлийн АШТ хамгийн их дурсамжтай тэмцээн.

  • Тамирчин хүн бие, бялдрын хувьд ямар байх хэрэгтэй вэ?

Архи тамхинаас хол байх хэрэгтэй. Яагаад гэвэл бие хурдан сульдах, дараалласан тоглолтуудад оролцож чадахгүй ядрах гэх мэт олон асуудлууд гардаг. Мөн хоолны зохицуулалт чухал. Тиймээс тамирчин болохоор бэлтгэгдэж байгаа залуустаа тогтсон цагт эрүүл, зөв хооллолттой байж, сайн амраарай гэж зөвлөе.

  • Бэртэж гэмтэх, сэтгэл санаагаар  унавал хэрхэн шийддэг вэ?  Ахиж тоглохгүй гэж бодтолоо сэтгэлээр унаж байсан үе байгаа юу?

Бэртэл гэмтэл бол тамирчин хүний гол дайсан. Ялангуяа олон удаа бэртэхэд  дагаад сэтгэл санаа маш их өөрчлөгддөг. Бэртсэн үед хамгийн их бодогддог зүйл нь ‘цаашаа сэдэрчихвэл яана, үсэрч чадахгүй бол яах вэ? , өмнөхөөсөө муу тоглодог болох вий’ гэх мэт. Ийм  үед  сайн тоглож байсан үеүдээ  их боддог. Үүний үр дүнд омогшиж, баярлаж, улам илүү хичээнэ. Гам дэглэмээ сайн барьж, зөв эдгээсний дараагаар өмнөхөөсөө сайн тоглоно. Хаанаас  эхэлж, юунд хүрэх ёстойгоо бодсоноор, би чадна гэж өөрөөсөө урам зориг авдаг.

Миний амьдрал бөмбөгтэй гүн холбогдсон. Үеийн хүүхдүүд тоглоом тоглоод, гадуур зугаалаад явж байхад ч би бэлтгэлээ хийсээр л. Энэ нь миний хамгийн дуртай зүйл.

  •  Гарбөмбөггүй  бол  таны  амьдрал ямар байхыг төсөөлж үзсэн үү?

Төсөөлж байгаагүй, төсөөлөхийг ч хүсэхгүй байна.  Миний амьдрал бөмбөгтэй гүн холбогдсон. Үеийн хүүхдүүд тоглоом тоглоод, гадуур зугаалаад явж байхад ч би бэлтгэлээ хийсээр л. Энэ нь миний хамгийн дуртай зүйл. Харин бөмбөг тоглохгүй байсан бол өдийд ямар байх нь надад төсөөлөгддөггүй . Зааланд ганцаараа бэлтгэл хийж байх үеийн мэдрэмж нь өөрөө ямар нэг зүйлтэй харьцуулшгүй сайхан.

  • Юутай ч харьцуулшгүй, үгүйгээр төсөөлж чадахгүй энэ зүйлээс амьдралд үлдэх юуг олж авсан  бэ?

Гарбөмбөг бол багийн спорт. Өрсөлдөгч ч бай хамтрагч ч бай өөрөөсөө ах бол хүндэлдэг, асар том хүндлэлийн спорт. Хүнийг хүндэлж чадна гэдэг өөрөө маш том давуу тал. Таних танихгүй хамаагүй баг хэмээн нэгтгэж чаддаг учраас намайг илүү нээлттэй болгож өгсөн. Амьдралд шантрах үе олон гарах байх. Тэр болгонд эргээд урам зориг, хүчээ олж авч чадах зан, ямарваа нэг зүйлийн эцсийг нь үзтэлээ хичээдэг, тэвчээр хатуужил гэх мэт амьдралын туршид дагаж явах олон сайхан чанар надад үлдэж дээ гэж боддог.

  • Спортоос өөр,  тэр болгон хүмүүс мэддэггүй ямар нэг нууц авьяас байгаа юу?  

Урлагийн авьяас байхгүй. Анх дөрөвдүгээр ангидаа урлагийн үзлэгт гоцлол дууны төрлөөр орсон.  Тэрнээс хойш ахиж дуулаагүй. Тухайн үедээ миний дуулдагт биш, дуулах хүүхэд олдоогүй учраас л намайг оруулсан . /инээв/

 Нууц авьяас гэхээсээ илүү тийм нэг чанар байдаг. Найзуудтайгаа байхдаа үргэлж инээлгэдэг, хөгжилтэй байлгахыг хичээдэг.

  • Ирээдүйгээ яаж төсөөлдөг вэ?

Би  эцэс хүртэл нь хичээгээд, улсын гарбөмбөгийн шигшээ багт орно. Энэ бол миний ойрын зорилтын нэг. Оффис  ажилд их дуртай. Яагаад гэвэл хослол өмсөөд явах нь  гоё санагддаг. Удахгүй сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод, спортыг дэмждэг байгууллагад мэргэжлээрээ ажиллана. Гарбөмбөгөө ч тоглоно. Нас  ахиад ирэхээр аймагтаа ирж,  гарбөмбөгийг амьдралтайгаа холбосноос хойш сурсан мэдсэн бүхнээ зааж, зөвлөн хэмээн боддог.

  • Таны нүдээр Увс аймгийн гар бөмбөгийн салбар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

     Анх гарбөмбөгийн төрлөөр Баруун бүсийн АШТ- ордог байхад бие бялдрын хувьд ч довтолгоо, бэлтгэлийн хувьд ч хамгийн сайн нь байсан. Багийн тактикийн хувьд жижиг сажиг зүйлс дээр л алдчихдаг. Биднийг тэмцээнд орох гэхэд ивээн тэтгэгч олддоггүй. Аймгийн захиргаанаас бидний шатахууны зардлыг даадаг. Байрлаж бэлтгэл хийхэд хоол хүнс, заалны зардал, хувцас гэх мэт зүйлсээс эхлээд олон асуудал гарна. Харин  аймгийн гарбөмбөгийн холбооны тэргүүн Б. Эрдэнэбилэг ах хувиасаа ихэнх зардлыг нь зохицуулж, багаар нь дэмждэг.  Бид ч сэтгэл зүрхээ дайчилж бэлтгэлээ базаана. Барааны захаас авсан хувцас дээрээ Увс гэсэн бичиг наалгаад, микро, пургон гээд олдсон машиндаа чихэлдэж суугаад л явдаг байлаа. Харин одоо бол илүү элбэг, хангалуун санагдсан. Хувцас хангамж гэхэд л жигд өнгийн, оёдолтой бүрэн хос хувцастай, унаа тэрэг ч гэсэн тухтай автобусаар явдаг гэх мэт. Гэхдээ ер нь хангамж, дэмжигч их ч бай бага ч бай нэг л зүйлийг зорьж байгаа бид бүхэн чин сэтгэлээсээ л байх хэрэгтэй. Нэг л сул тогловол багаараа сул тоглох учраас багийнхаа нэг хүндээ ч гэсэн анхаарал халамж тавьж нэгнээ дэмжиж байх нь зөв. Тиймээс  тамирчид  илүү сайжран гэдэгт итгэлтэй байна.

Өмнө нь ярьсанчлан нас ахих үеэрээ  Увс аймгийн гар бөмбөгийг хөгжүүлнэ гэсэн. Яаж  хөгжүүлж, өөрчлөхийг зорьж байна вэ?

Хамгийн түрүүнд гарбөмбөг сонирхдог хүүхдүүдийг илүү олон болгомоор байна.

Түвшингээр ялган хичээллүүлэх нь оновчтой. Сонирхогчийн түвшний хүүхдүүдийг  удаан хугацаанд хичээллэсэн хүүхдүүдтэй хамт бэлтгэвэл зүрх нь үхээд, өөрийгөө голчихдог. Тиймээс адил түвшний хүүхдүүдтэй сургавал илүү үр дүнтэй санагддаг.Мөн боловсон хүчний тухайд багийн хүүхдүүдээ ойлгож дэмжиж бас нэгтгэж чаддаг, мэргэжлийн, нэг төрлийг дагнасан багш байх хэрэгэй. Би зөвхөн өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлээд орхихыг хүсэхгүй байна. Улсын хэмжээнд өрсөлддөг томоохон багуудыг харахад бусад аймгийн тамирчид харьцангуй олон байдаг.

 Хэзээ ч битгий шантраарай. Хаанаас эхлэж, юунд хүрэх ёстойгоо сана. 

  • Энэ дашрамд хэн нэгэнд баярласан сэтгэгдэл, дүү нартаа хэлхийг хүссэн зүйлээ хэлээч

Гарбөмбөг  тоглодог, хичээллэхээр сонирхож буй дүү нартаа битгий шантраарай гэж хэлье. Заавал ямар нэг зүйл гарздахгүйгээр боломжоо ашиглаад шилдэг тамирчдын бичлэг, цахим хичээлээс гарбөмбөгийг суралцацгаая. Шантрахгүй хичээвэл гарбөмбөгөөс асар их азжаргал, кайфыг мэдэрч чадна. Шантрах үе гарч ирвэл хамгийн сайн байсан үеэ бодоод хүч аваарай. Гарбөмбөг  чиний амьдралыг маш зөвөөр өөрчилж чадна.

 Анхны  багш Р. Баттулга, багийнхаа хамт олондоо , түшиж тулдаг найзууддаа, үргэлж дэмжиж ирсэн  Увс аймгийн гарбөмбөгийн холбооны тэргүүн Б.Эрдэнэбилэг ахдаа , арыг минь дааж хайрлаж хамгаалдаг гэр бүлдээ маш их баярлалаа.

  • Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.