Цонхоо нээе

Дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуурандаа хоноцын сэтгэлээр хандахаа зогсооё

2020-07-24

     2020 оны долдугаар сарын 20-ны өдөр. Увс нууранд очиход өдрийн нэг цаг болж байлаа. Нуурын эрэг хавиар машинууд эгнэчихсэн, өнгө өнгийн майхнууд алаглаастай.  Тал талд гал түлж, хоол хийж, хорхог, шорлог хийж идсэн амрагчид. Ээжүүд цай чанаж,  аавууд шорлог хийгээд завгүй. Тэдний дээгүүр хоол горьдсон цахлайнууд шаагилдан эргэлдэнэ.

     Өөр нэг газар хүмүүс архи ууж, дуулалдана.  “...Би хоёр гэр барилаа...”, “...Энэ удаа өнжлөө...” гэж томчууд тоглоомдоо улайрна.  Нууран дотор нүцгэн хүүхдүүд ёстой л дураараа тоглох. Хүүхдээ нуруундаа суулган усанд тоглуулах залуу аавууд олон. Элсээр янз бүрийн дүрс хийсэн хүүхдийн бүтээлүүд нуурын эргээр “сүндэрлэнэ”.  Хөөрхөн охидууд ганган усны хувцас өмсөж дэгжирхэнэ. Хийлдэг гудастай  хүүхдүүд нууран дээгүүр хөвөх. Хамгаалалтын хантааз өмсөөгүй тэднийг хараад салхинд цаашилчих вий гэсэн айдас эрхгүй төрнө...

Нар чанх дээрээс шарахаа больж,  баруунтаа нэлээн хэвийсэн байлаа...

            Нуурын давлагааны чимээ, таатай сэрүүн амьсгалыг таалан хэвтсээр зүүрмэглэж орхижээ. “...Ээж ээ баалаа, ээж ээ баалаа” гэсэн дуунаар цочин сэрлээ.  Гурав орчим настай хүүгээ хөтөлсөн залуухан ээж “...Өө дандаа ингэдийн ш дээ. Тээр хол 00 яаж явнаа” хэмээн нозооронгуй бухимдахад хүүгийн эмээ болтой хүн “...Энд нь баалгачих аа. Хүүхдийн баас яав л гэж...” хэмээн хэлээ хазлан ачаа эрхлүүлнэ.  Үе үе сэвэлзэх салхиар хог хаягдлын эхүүн үнэр, баас шээсний өмхий үнэр сэнхийнэ.

       Уг нь Увс нуурт боловсон бие засах газар болон усанд орох газар шинээр баригдсан. Бие засах газар ороход суултуур дээр нь гишгэж, гадуур бие зассан харагдана. Хэрэглэсэн ариун цэврийн цаас нь саваа дүүргэн хальжээ.  Бие засах газар тасралтгүй хүнтэй. Хүлээж тэвчихгүй зарим нь тэр хавьд хээв нэг бие засчихаж байлаа. Гаднах хогийн цэгийг нь даваад хог хөглөрнө. Малын яс, ногооны хог, чихэр, боорцог, живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл хаа сайгүй. 

        Нууранд орж буй хүмүүсийн аюулгүй байдлыг  хамгаалж Онцгой байдлын аврагчид ажиллаж байлаа. Хийлдэг гудастай нуурын гүн руу явж болохгүйг сануулж нуурын аюулгүй хэсгийг зааварчилна.

        Нар жаргах үеэр тэнгэрийн хаяа улайж, газар тэнгэр хоёр улаан шаргал өнгөөр уусан нийлсэн мэт харагдана...

    Нар жаргахтай зэрэгцэн амрагчид буцаж эхэллээ. Урд явсан машин зэгсний хажууд зогсож, амрагчид зургаа татуулав. Дараа нь аав нь хоёр дэрсхэн хүүдээ хандан нуурын хөвөөнөөс түүсэн хоолны болон бусад хогоо зэгсний цаад руу шидчих гэчихээд машиндаа суулаа.

..Тэнгэрийн диваажин миний унасан газар

  Ээжийн сэтгэл шиг цагаан зон олон

  Энэ биений минь үл тасрах амь НУТАГ минь... гэсэн аархуу, хөлчүү дуу  хадаасаар давхиж одлоо...

      Хаяа багтахаар майхан асраа татаж,  нуураа бараадан ирсэн зуу зуун амрагчид. Дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуурандаа хоноцын сэтгэлээр хандахаа зогсооё.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.