My Uvs

ИРГЭДЭЭ ЧИНЭЭЛЭГ БОЛГОХ ХЯТАД УЛСЫН БОДЛОГО

2020-07-03

 

БНХАУ-ын Гансу мужин захирагч Сүн Вей: Манай улсад залхуу хүн эхнэр ч авч чадахгүй, залхуугаас бусад шалтгаанаар ядуурсныг өөрчлөх боломжтой

Гансу мужид ажиллаж байгаа Монголын сэтгүүлчидтэй мужийн захирагч Сүн Вэй албан ёсны уулзалт хийж, хүндэтгэлийн зоог барьсан үеэрээ хэрвээ хүн залхуу л биш бол ядуурлаас ангижрах боломжтой. Манай Улсад залхуу бол эхнэр ч авч чадахгүй хэмээн наргиан болгон ярьж билээ. Иргэдээ чинээлэг болгох Хятад улсын төрийн бодлого нь  ЯАГААД ядуу байгааг тодорхойлохоос эхэлдэг байна.Тухайн иргэн, өрх эрүүл мэндийн шалтгаанаар ядуу байгаа бол эмчлэх дөрвөн шатлал бүхий  даатгалын үйлчилгээ төрөөс үзүүлдэг. Эрүүл мэндийн үйлчилгээ авах ерөнхий, өвчний, хүнд өвчний, эрүүл мэндийн туслалцааны гэсэн даатгалын үйлчилгээтэй.  Харин ажлын байргүйн шалтгаанаар ядуу байвал нөхөрлөл, хоршооны гишүүн болгож, орчин цагийн тариалан эрхлэх ухаалаг хүлэмжийг компаниас олгож, хүнсний ногоо тариалж, компанитай ашгаа хувааж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж олгодог.  Газар тариалан эрхэлж байгаа иргэдээс ямар ч татвар авдаггүй гэж байлаа. Харин мэдлэг боловсролгүй байдлаасаа болж ядуу бол аж ахуй эрхлэхэд нь хэрэгтэй сургалт, хөтөлбөрт хамруулдаг байна.

Тариаланч Дин Хай: Нэг хүлэмжээс жилд 60 мянгаас 100 мянган юанийн ашиг олдог

Цэргээс халагдаж ирээд шинэ цагийн тариалан эрхэлж буй Дин Хай 34 настай. Говийн бүсэд тариалан эрхлэхэд ус, хөрснөөс эхлээд олон зүйлээр гачигддаг. Эрдэнэ шиш зэрэг таримал ургамлын хаягдал, үхрийн аргал зэргийг боловсруулан хиймэл хөрс гаргаж авснаар Гансу мужийн Жиюү Чуан хот говийн бүсийн газар тариалангийн үлгэр жишээ болжээ. Дүүргүүдийн хөдөө аж ахуй газар тариалангийн паркууд тогтмол сургалт  явуулдаг.  Жиюү Чуан хотын Сужү дүүрэгт химийн бодисоор хордоогүй экологийн цэвэр хиймэл хөрс боловсруулан гаргаж авсан 10 орчим патентын эрх байдаг бөгөөд үүнийг нь тариаланчид ямар ч үнэ төлбөргүй ашигладаг байна. Ямар хөрсөнд хэзээ хэрхэн  юу таривал ашигтай, хортноос хамгаалах, экологийн цэвэр бордоогоор бордох гэх мэтээр тариаланчдын хувьд суралцах зүйл их. Газар тариаланд дэвшил авчирсан энэхүү инновацын үр өгөөжийг хүртэж буй тариаланч Дин Хай нарийн ногоо, өндөр үнэ бүхий жимснүүд тарьдаг байна. Биднийг очих үеэр тэдний хүлэмжид нэг ширхэг нь 30 юанийн үнэтэй Лууны нүд, нимбэг зэрэг жимс ургаж байлаа. Жилийн турш ургац хурааж, нэг хүлэмжээс 60-100 мянган юанийн ашиг олдог хэмээн ярьсан.

Тариачин Ли Шин Лэ: Тарьсан хүнсний ногоо, жимсээ хэрхэн борлуулах вэ гэж санаа зовдоггүй

БНХАУ-ын Гансу мужийн Жиюү Чуан хотын Су жү дүүргийн тариачин Ли Шин Лэ-ийн таван хүлэмжид хүнсний ногоо тариалаад олдог ашиг нь 250 орчим мянган юань. 500-1000 мкв талбайтай таван хүлэмжид эхнэртэйгээ хоёулаа ажилладаг гэж байлаа.  Үржил шим муутай говийн хөрсөнд уламжлалт газар тариалан эрхэлж, цаг наргүй хөдөлмөрлөж олсон ашиг нь амьдралд хангалттай хүрэлцдэггүй байсан үеэс гурав дахин их ургац хураан авдаг болжээ. Ажиллаж буй хүлэмж нь услалтын ухаалаг системтэй учраас эхнэр нөхөр хоёр тарих болон хураахаас бусад үед хянах л ажилтай. Улмаар тариаланчийн хурааж авсан ногооны борлуулалт, хүлэмжийн арчлалт, хамгаалалтыг компани хариуцаж, олсон ашгаа иргэн компани хоёр гэрээний дагуу хувааж авна. Эдгээр компаниуд нь төрийн хөрөнгө оруулалттай болон хувийн компаниудын аль аль нь байдаг. Харин төрийн зүгээс хөдөө аж ахуйн газар тариалангийн судалгаа шинжилгээ хийдэг паркуудыг олноор байгуулж, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг тариачдад түгээж, тэдний мэдлэг боловсролыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулдаг байна. Хөдөө аж ахуйн паркуудад хүлэмжийн материал, агаар орчин, ногооны соёололтоос эхлээд хортноос хамгаалах олон төрлийн судалгаа хийдэг.  Энэ нь экологийн эрүүл хүнсний бүтээгдэхүүн тариалж, орон нутгийн онцлогтой брэндийг бий болгон, тариаланчдыг ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой.  Иргэдээ чинээлэг болгох Хятад Улсын бодлогын үр дүнд иргэдийн амьдрал ахуй, ажиллах орчин, хөдөлмөр хөнгөвчилсөн байдал гээд олон талаар сайжирдаг байна.

Хятад Улсын газар тариалангийн аялал жуулчлалын орлого 2018 онд 800 тэрбум юань хүрчээ

Хятад улсад тариаланчид болон аж ахуйн нэгжүүд тариалан эрхлэхээс гадна газар тариалангийн аялал жуулчлалын бизнес эрхэлдэг.  Гансу мужийн Ланжөү хотын шинэ дүүргийн орчин цагийн хөдөө аж ахуйн парк аялал жуулчлалын газар тариалан голлон эрхэлж, хүлэмжүүдтэй зэрэгцүүлэн амрагч, аялагчдад зориулсан сууц, хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ. Амрагчид хүссэн үедээ ирж өөрт хэрэгтэй хүнсний ногоо жимсээ түүж авах боломжийг хангасан байдаг. Яг ийм төрлийн аялал жуулчлалын орлого нь 2018 онд 800 тэрбум юань хүрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.