Энтертайнмент

UVS SUMMER CUP 2020-ын ОНЦЛОХ-10

2020-08-17

Сагсан бөмбөг сонирхогч баг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, залуу тоглогчдыг төрүүлэн гаргах зорилготой “UVS Summer cup 2020”-ыг  аймгийн сагсан бөмбөгийн холбооноос анх удаа  зохион байгууллаа.  12 эрэгтэй баг, 4 эмэгтэй баг энэ сарын 14-өөс эхлэн гурван өдрийн турш тоглосон.  

 Ерөнхий шүүгч: Б.Билгүүн,

Улсын шүүгч: Ч.Энхболд, Б.Бат-Эрдэнэ

Шүүгч: О.Цэрэн-Очир, О.Хадбаатар, Х.Алтантуул, А.Сумъяабаяр, О.Балжинням  

Аймгийн БТСГ-ын дасгалжуулагч,  тэмцээний ерөнхий шүүгч  Б.Билгүүнтэй хамтран тэмцээний “ОНЦЛОХ -10” хүргэж байна.

#1    ААВ, ХҮҮ  ТАМИРЧИД

Сагсан бөмбөгийн ОУХМ Б.Даваадорж, хүү Д.Дөлгөөнмөрөнтэйгээ  нэг баг болж оролцов.  17 насандаа Спортын мастер цол хүртэж байсан Д.Даваадорж гуай 1994 оноос сагсан бөмбөгөөр хичээллэсэн.   Дархан хотын лиг, Бурхантын Буганууд, Алтайн Бүргэдүүд, Баганат Өргөө гэх мэт дээд лигийн багуудад тоглож, 1999 оны Азийн аварга “Ulaanbaatar cup”-аас мөнгөн медаль, 2016 онд сагсан бөмбөгийн ОУХМ цол хүртэж байжээ.  Өдгөө 43 настай ахмад тамирчин тэрээр өөрийн үүсгэн байгуулсан клубдээ багшилсаар байна. Түүний хүү Д.Дөлгөөнмөрөн нь  Монголын залуучуудын шигшээ багт бэлтгэл хийж,  тэсрэлттэй 14 тоглогчдын нэгээр шалгарч байсан.  2019 онд Японы Яйзү хотын 3х3 сагсан  бөмбөгийн “YAIZU GR UNITED ” багт тоглож байсан. Одоо Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн Хан-Уул Хангарьд  23 Storms багт тоглож байгаа шинэ залуу тоглогч.

#2     ЭМОЦИЛОГ  ТАМИРЧИН

 Сэтгэл хөдлөлөө ил гаргах нь бүтээмжийг 40% нэмэгдүүлдэг гэсэн сэтгэл судлаачийн судалгаа бий. ББЭХС-ны “Western warriors ” багийн ахлагч Спортын мастер Ц.Баянмөнх нь бусад баг тамирчдаас хамгийн өндөр эмоцитой нэгэн байлаа. Тус тамирчин нь  биеийн хүч сайтай. Өөрийн сэтгэл хөдлөлөөрөө дамжуулан өөртөө болон багийнхандаа эрч хүч, урам зориг өгч чаддагаараа онцлогтой сагсан бөмбөгч юм.

#3    ШИЛДЭГ ТОГЛОГЧ

Athletic чанар бүрэлдсэн

Алсын зайн оновчтой шидэлттэй

Арав  гаруй жил сагсан бөмбөгөөр хичээллэсэн

Алтан Шонхор багийн тамирчин Спортын дэд мастер Г.Болд нь тэмцээний шилдэг тоглогчоор шалгарлаа.   Сагсан  бөмбөг тоглосон цагаасаа эхлэн  “Увс Нуур” багаас Sprite D лигийн аварга, оюутны лигийн 2 удаагийн аварга MVP, дээд лигийн “Этүгэн Ирвэсүүд” гэх мэт чансаа өндөртэй багуудад тоглож байсан туршлагатай, чадварлаг тоглогч юм.

Шилдэг тоглогч” Н.Амарзаяа

12-р багийн тоглогч. Тэмцээний аваргын төлөөх тоглолтод хоёр удаа нэмэлт цаг гарахад тус тоглогч багтаа оновчтой  дамжуулалт хийж, төвийн байрлалд сайн тоглосноор багтаа хожлыг авч ирж чадсан. Их сургуулийнхаа шигшээ багт тоглож байсан туршлагатай тоглогч тэрээр 8 жилийн турш  сагсан бөмбөгөөр хичээллэж, ур чадвараа харуулсаар  байна.

#4     ШИЛДЭГ, ЗАЛУУ ТАМИРЧИД

Эрэгтэй төрөлд Өндөрхангай сумын  тамирчин З.Бямбарагчаа хасагдах шатны тоглолтод 45 оноо авсан.

“Увс нуур” багийн тамирчин А. Өлзий-Орших нь хасагдах шатны тоглолтод багтаа 30 оноо авч Хилчин багийг хожсоноор багаа  шилдэг дөрөвт үлдээж чадсан.

Эмэгтэй төрөлд “Увс нуур” багийн тамирчин  Ш.Буянтогтох нь дундын зайн шидэлт сайтай, хамгаалалт сайтай, шилдэг тоглолтыг үзүүлсэн.

Тус тамирчдын хувьд сагсан бөмбөгөөр 3-4 жил  хичээллэж байгаа 16-22 насны тамирчид. Өөрөөсөө 10 насаар ахмад үеийн хүмүүстэй өрсөлдөж туршлага, чадварыг олж авсан тэмцээн болов. Ихэвчлэн  насны ангилалтай тэмцээнүүд болдог бол энэ тэмцээний хувьд насны ангилалгүй болсноороо онцлогтой. Хэдий залуу тамирчид ч гэлээ сэтгэлээр унаж, шантралгүйгээр илүү их урам зориг авсан тэмцээн байлаа гэж дүгнэлээ.

#5    ХАМГИЙН САЙН ДЭМЖИГЧ

Тамирчин хүмүүст сэтгэлийн хүч, сэтгэлзүйн дэмжлэг асар чухал байдаг. Ялалт, ялагдал бэртэл гэмтэл бүрийн ард тэдний ГЭР БҮЛ байдаг. Энэ тэмцээний үеэр ч бас адил. Халуун хоолоо хөргөхгүйн тулд цамцаараа бүрхчхээд, алхам бүрд нь гэмтэхвий гэж санаа зовон, шидэлт бүрд нь ороосой гэж шивнэж, оноо авахад баярлан, орилдог  дэмжигчид цөөнгүй харагдлаа. Энэ бол үргэлжид үнэнч дэмжигч байж чаддаг тамирчдын гэр бүл юм.

#6   ЗОХИОН БАЙГУУЛАЛТ САЙТАЙ БАГ

Хилийн 0245-р ангийн Хилчин баг Увс нуур баг,  Тоглолтын 4-р үе

 Тоглолт дуусахад 3 минут үлдсэн. 12 онооны зөрүүтэй Хилчин баг тоглолтыг тэргүүлж байлаа. “Увс нуур” баг минутын амралт авч багийн дасгалжуулагч, тамирчид хоорондоо багийн төлөвлөгөөгөө ярилцаж, үлдсэн минутдаа хэрхэн, яаж тоглох талаараа зөвлөлдөв.  Минутын  амралт дуусахад багийн дасгалжуулагч тамирчиддаа сэтгэлийн дэм өгөн, амжилт хүсээд талбайд гаргалаа. Хожигдож явсан ”Увс нуур” баг тоглолтын уур амьсгалыг өөрчилж эцсийн хугацаанд хожлыг багтаа авч ирж чадсан юм. Энэ бол багийнхаа гишүүдийг мэдэрч, дотоод зохион байгуулалтаа чанад сахисны үр дүн юм.

#7    ХОЛООС ЗОРЬЖ ИРСЭН БАГ

 Увс аймгийн Өндөрхангай сум нь аймгийн төвөөс 270 км гаруй зайд оршдог. Замынхаа 40 дөхөм км-ыг шороон замаар, үлдсэн зайг засмал замаар, гурваас дөрвөн цаг явж ирсэн  Н.Цэнд-Аюуш ахлагчтай Өндөрхангай сумын баг тамирчид

Тус  тэмцээнд оролцохын тулд Улаанбаатар хотоос 1400 км замыг тасралтгүй 28  цаг туулан ирсэн П.Ганбат ахлагчтай “Намир” багийн тамирчид.

Тамирчин хүний хувьд тоглолтын өмнө сайн амарч, бэлтгэлээ базаасан байх хэрэгтэй. Тухайн хоёр багийн тамирчид   ядрах, сульдахыг үл ажран тэмцээндээ оролцохоор зорьж ирсэн нь энэ тэмцээний онцлох үйл явдлуудын нэг байлаа.

#8   ЗАЛУУ ҮЕИЙН БАГ

Ерөнхий  боловсролын 10-12 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн, /ОУХМ/ Б.Даваадорж дасгалжуулагчтай Мөнгөн Цагираг клубийн хоёрдугаар баг.Сагсан бөмбөг тоглох  сонирхолтой, өсөх ирээдүйтэй тамирчид . Нэг үеийн хүүхэд залуучуудаас бүрдсэн тус баг нь цаашид ч энэ багаараа хичээллэж , олон олон тэмцээнүүдэд хурд хүчээ сорихоор зэхэж буй.

#9   АХМАД ТАМИРЧДААС БҮРДСЭН БАГ

Сүүлийн жилүүдэд Увс аймагт зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаануудад удаа дараа  түрүүлж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль хүртсэн баг бол Спортын дэд мастер Б.Намхай ахлагчтай Алтан Шонхор баг.  Арав  гаруй жил хамтдаа томоохон тэмцээнүүдэд оролцон тоглож байгаа тус  багийн зохион байгуулалт, тамирчдынхаа техник, зан ааш гэх мэт нэг нэгнээ сайн мэдэх арвин туршлага нь бусад багаас ялгарч байлаа.

#10 ХҮЛЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН

Энэ тэмцээний хувьд анх удаа зохион байгуулагдлаа. Өмнө жилүүдэд тэмцээн хоорондын завсар 1 сар л байсан. Харин цар тахлын үед болж буй тус тэмцээн нь 10 сарын турш хүлээгдсэн цорын ганц тэмцээн. Тиймдээ ч олон баг тамирчид, дасгалжуулагчдын хүлээлтийг үүсгэж, бэлтгэлийн үр шимийг харуулсан тэмцээн болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.