Гэрлээ асаая

Нийгмийн сурвалжилга №3

2020-08-09

 Өмнө нь донор болох талаар тийм ч эерэг бодолтой байгаагүй. 100 мл цус өгчихвөл би цусгүй болчих юм шиг.  Надтай надгүй бүгд л болж байгаа гэж боддог байв. Хүү минь гэнэтийн цус алдалтаас  болж нас барсан. Тухайн үед хүүд минь таарах бүлгийн цустай донор олдоогүй. Түүнээс хойш цусны донор болоод 4 жилийг ардаа үдэж байна. Хэн нэгэнд цус бэлэглэнэ гэдэг бүтэн амьдрал бэлэглэж байгаатай адил гэж нэрээ нууцалсан нэгэн бүсгүй хүүрнэв. Энэ бол цусны нөөцтэй холбоотой нэгэн жишээ. Зарим хүмүүсийн чухалчилж үздэггүй  350-400 мл цус нь цаанаа 3 хүний амийг аварч байдаг.

Цусаа өгөхөд 10-12 минут шаардлагатай байдаг бол, дэлхий дээр 2 секунд тутам хэн нэгэнд цус шаардлагатай байдаг.

    Донор гэдэг нь өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд  эд эрхтэн, цусны хэсгийг авлигагүй, сайн дураараа өгч буй 17-60 насны тодорхой шаардлага хангасан иргэн. Увс аймаг 644 идэвхтэй цусны донортой. Тэдгээр хүмүүс дотор 84 хүндэт донор бий. Хүндэт донор нь арван таван литрээс доошгүй цусаа хандивласан хүн. Залуу үедээ үлгэрлэж яваа хүндэт донор Р. Одонхүү  өөрийн түүхээ хуваалцлаа.

Та яагаад донор болохоор шийдсэн бэ?

  • Анх  ахын маань бие өвдөж, их хэмжээгээр цус алдсан. Аз болоход надтай адил бүлгийн цустай байсан учраас цусаа өгч, донор болох эхлэлээ тавьж байлаа.

Донор болоод хэр удаж байна вэ? 

  •  23 жил болж байна. Нэгэн айл өрхийн амьдралыг элэг бүтэн болгож байгаадаа туйлын их баярлаж байсан. Тухайн үеийн тэр мэдрэмж надад үргэлж сайхан санагддаг учраас одоо хүртэл донор хийж байна.

Нэг үеэ бодвол цусны хангамж, нөөц сайжирчээ. Магадгүй донор гэдэг нь хүний сайхан зан чанартай холбоотой санагдлаа.

  •   Идэвхтэй цусаа өгдөг залуусын тоо улам нэмэгдэж байгаан сайн хэрэг. Хүний амьдралд олон зүйл тохиолддог. Эд хөрөнгө, эрх мэдлээс илүү нэгнээ гэсэн сэтгэл байвал л болно. Тиймээс залуучууддаа цусаа өгөхийг уриалъя. Ядаж л бид эрүүл саруул байж, цусаа үргэлж шинээр төлжүүлэх боломжтой.

Донор болохын ашиг тус

. Хүний амь хэмжээлшгүй үнэ цэнэтэй. Тиймээс хэн нэгэнд алт мөнгө амласнаас цусаа өгсөн нь илүү том буян. Бие  физиологийн үүднээс харвал тухайн бодгаль цус сэлбэлтэнд орж, цусны улаан эсүүд шинээр нөхөгддөг.  Хүн 4-5 литр цустай ба нийт цусны 45% нь улаан эс, 55% цусны шингэн хэсэг болох сийвэн. Сийвэн дотор цагаан эс, ялтаст эс болон цусны бүлэгнүүлэгч хүчин зүйлс, уураг агуулагдаж байдаг. Цус нь хүний бие, махбодид   хүчилтөрөгч зөөвөрлөж,хангах, халдвараас сэргийлэх, цус бүлэгнүүлэх, эрдэс бодис, уураг,тэжээлээр хангах үүрэгтэй. Мөн зүрх судасны өвчнөөс сэргийлэхээс гадна жин хасахад тустай. Донорын тухай хуулинд “Цусны байнгын болон амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах , цусаа 35-аас дээш удаа өгсөн донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах” хэмээн заасан байдаг. Засгийн газрын шийдвэрээр ард иргэд болон эрүүл мэндийн байгууллагаа дэмжин урамшуулж буй нэгэн хэлбэр юм.

Хэн донор болох боломжтой вэ?

Цус багадалттай хүн өгч болохгүй, цус өгөх явцад хэрэглэсэн багаж хэрэгслээр вирус халдана, нас болоогүй гэх мэт  нийтлэг, ойлголтоос үүдэн донор болох боломжгүй хэмээн боддог. Гэвч энэ бүхэн ташаа ойлголт юм. Өмнө нь дурдсанчлан, цусны улаан эсийн төлжилт нь цус багадалтаас сэргийлдэг. Харин  цус авах явцад хэрэглэж байгаа багаж хэрэгслүүд бүгд нэг удаагийнх учраас ямарваа нэгэн вирус, бохирдол дамжихгүй. Мөн цусаа өгөхийн тулд таны зайлшгүй мэдэх ёстой шалгуурууд бий.

Үүнд: 17-оос дээш настай, 45 кг-аас багагүй жинтэй, ямар ч  бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Улсын хэмжээнд нийт хүн амын 0.07% IV бүлгийн цустай гэсэн сонирхолтой байдаг. Эхний ээлжинд цусаа шинжлүүлээд,эрүүл мэндийн үзлэгээр сонгож авдаг. Эмэгтэй хүн гурван сар тутамд, эрэгтэй хүн хоёр сар тутамд нэг удаа цусаа өгөх боломжтой.

Цусны донор- анхаарах зүйлс

Цусаа өгөхөөс өмнө хэд хэд зүйлсийг мөрдөх хэрэгтэй. Зургаан  цагаас дээш хугацаагаар унтаж амрах, шингэн зүйл ердийн үеийнхээс их уух, цусаа өгөхөөс өмнөх гурав хоног өнгөтэй ундаа, жүүс, согтууруулах ундаа, сүүн болон өөх тос ихтэй бүтээгдэхүүн, эм тариа 10-14 хоногт хэрэглээгүй байх зэрэг шаардлагыг хангана.

   Цусаа өгсний дараа  зүү хатгасан хэсгийг цус гарахаас сэргийлж даралттай боолт хийдэг. Боолтыг зургаан цагийн дараа авна. Дараа нь таваас арван минут тайван суух, 24-48 цагийн хугацаанд  шингэн зүйл их ууж, хөнгөн хүнс хэрэглэх шаардлагатай. Ямарваа нэг зовиур гарвал эмч, эмнэлгийн ажилтанд мэдэгдэнэ. Төмөр /шош, хясаа, үхэр бугын мах, бууцай, чавга, үзэм, самар/  болон витамин С ихээр агуулсан хүнс /чинжүү, амтат гуа, брокколи, гүзээлзгэнэ, ананас, гич, / хэрэглэх нь зүйтэй. Архи , согтууруулах ундаа хэрэглэх, өндөрт гарах, ачаалалтай ажиллах, халуун, бүгчим газар удаан байхыг хориглоно.

  Жирэмсэн болон хөхүүл үед, мэс ажилбарын дараа, сүүлийн 6 сарын хугацаанд шивээс хийлгэсэн, шүдээ авхуулсны дараа арав хоног, зүү эмчилгээний дараа зургаан сар, сарын тэмдэг ирж дууссаны дараа гурав хоног, харшил сэдэрсэн зэрэг зарим нөхцөлд цусаа өгөхөөс татгалзахыг  Цусны салбар төвийн технологич, бага эмч Г. Цэндсүрэн зөвлөлөө.

     Увс аймгийн Цусны салбар төв цус шинжилж, цус авах, нөөцлөх, зөвлөгөө өгөх зэрэг ажил гүйцэтгэдэг бол Улаанзагалмайн хорооны хамт олон мэдээллийг дамжуулан түгээж, сурталчлан таниулах, зохион байгуулах зэргийг гүйцэтгэж харилцан хамааралтай ажилладаг байгууллагууд юм.  Жил  бүрийн зургадугаар сарын арван дөрөвний өдөр  Дэлхийн цусны донорын өдөр тохиодог. Тус өдрөөр аймгийн Улаанзагалмайн хороо болон Цусны салбар төвийн хамт олон донорууддаа хүндэтгэл үзүүлэн, хүндэт донорын болзол хангасан идэвхтнүүдээ шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Донорын  идэвх нэмэгдэж, жил бүр гурваас таван хүндэт донор төрж байгаа явдал нь дээрх байгууллагуудын ажлын үр дүн юм.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.