Гэрлээ асаая

Шинэ оюутнуудад

2020-08-01

    “Үүрээ орхин нисэхээр” зэхэж буй дүү нартаа зориулан “Шинэ оюутан” эвентийг Creative hub хамтын оффисоос зохион байгууллаа. МУИС, АШУҮИС, МУБИС, ШУТИС, СЭЗИС-д суралцаж буй гурав, дөрөвдүгээр ангийн оюутнууд туршлагаа хуваалцсан. Дотно, аминчхан, илэн далангүй зөвлөгөөнүүд байлаа. Их сургуулиудын нэг кредитийн төлбөр 71-153 мянган төгрөг. Энэ нь өнгөрсөн жилийн төлбөр бөгөөд жилээс жилд тодорхой хэмжээгээр нэмэгддэг хэмээн зочин оюутнууд хэлж байв. Нэг кредитийн төлбөр нь хамгийн өндөр нь СЭЗИС бөгөөд 153 мянган төгрөг. Жилд дунджаар 36 кредит цаг судлах ёстой гэвэл 5.5 сая орчим төгрөг. Нэг кредитийн төлбөр МУИС 110 мянга, ШУТИС 90 мянга, МУБИС-ийнх 71-81 мянган төгрөг байжээ. АШУҮИС-ийн хувьд анх элсэхэд нэг кредитийг хэдэн төгрөгөөр тооцож байсан тэр хэвээр нь төгстөлөө суралцдаг.  

 Т.Сайнсанаа: Хичээл сонголтоо хийхдээ сайн судлах хэрэгтэй

Шинээр оюутан болж буй хүүхдүүдийн туршлагагүйтдэг зүйлсийн нэг бол хичээл сонголт. Тиймээс хичээлээ  сонгохдоо бүх зүйлийг хамтад нь төлөвлөх хэрэгтэй.  Ихэнх сургуулиуд хичээл хоорондоо 10 минут завсарладаг. Тухайн хичээл аль байранд ордгийг судлах хэрэгтэй. Хэтэрхий хол байр хооронд 10 минутад амждаггүй учраас тэр хичээлдээ байнга хоцорч болзошгүйг тооцоолох. МУБИС-ийн элсэн орсон шинэ оюутан Архангайн салбар сургуульд нэг хичээлээ судлахаар сонгосон байсан хөгжилтэй түүхийг МУБИС-ийн оюутан Т.Сайнсанаа хуваалцлаа.

Б.Өсөхбаяр: ШУТИС-д элссэн бол өөртөө шаардлага тавьж, хариуцлгатай суралцах нь чухал

“Нартад намайг жаргаана гэж бурхан надад амлаагүй ч насаар минь ШУТИС-д хатаана гэж чөтгөр ч шивнээгүй”. Энэ үг намайг анхны хичээлдээ суухад ширээн дээр нь сийлсэн байсан. ШУТИС-д элссэн бол анхнаасаа хариуцлагатай суралцах хэрэгтэй. Цагийн юмыг цагт нь хийх чухал. Тухайн оюутан маш их хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөж байж амжилттай суралцдаг. Өөрөө өөртөө л эзэн болохгүй урсгалаар явбал улираад л, дахин дахин хичээлээ үзээд л байна шүү хэмээн ШУТИС-ын оюутан Б.Өсөхбаяр аминчлан захисан.

Б.Ану: Дотоодын тэтгэлэгүүдэд идэвхтэй оролцоорой        

       Улсын их дээд сургуулиудын хувьд амжилттай суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, сургуулийн захирлын гэсэн шаталсан тэтгэлэгүүдийг олгодог. Түүнээс гадна томоохон аж ахуйн нэгжүүдээс тэтгэлэг их зарладаг. Хэлний өндөр оноо шаарддаггүй дотоодын тэтгэлэгүүдэд идэвхтэй оролцох боломж оюутан бүрд нээлттэй. Өөрийгөө чамлахгүй материалаа өгөөд л байх хэрэгтэй. ХААН банкны шинэ оюутны тэтгэлэг зарлагдсан байсан, материалаа бүрдүүлж өгөөрэй хэмээн АШУҮИС-ийн оюутан Б.Ану зөвлөлөө.

 

 

Г.Халиунаа: Сайн, муу дадлууд оюутан цагаас бий болдог учраас аль болох сайн дадлуудыг хэвшүүлээрэй

Оюутнуудын хамгийн их мөнгө зарцуулдаг зүйлс бол унаа, хоол байдаг. Оюутан карт нэг сардаа хангалттай хүрэлцдэггүй учраас энгийн автобусны карт ч бас авах хэрэгтэй. Автобусны оюутны картаа зарж байгаа хүмүүсээс авахгүй байсан нь дээр. Чамд зарчихаад гээчихсэн гээд очоод хаалгачих тохиодол мэр сэр бий гэсэн аминчхан зөвлөгөөг “Шинэ оюутан” эвентийн зочдод өгсөн. Оюутан болох нь төрсөн гэр, дассан орчноос өөр орчинд орохоос гадна ирээдүйн амьдралын эхлэл тавигддаг. Оюутан болсоор өөрийн мэдэлгүй сайн муу олон дадлууд нэг л мэдэхэд бий болчихсон байдаг юм шүү. Хамгийн сайн анзаарч байх ёстой зүйл бол хоол. Хуушуур, пирошки бага идэж, биеэ сайн тордоорой.  Бас дэмий хувцас хэрэглэлд мөнгө үрэгдчих гээд байдаг хэмээн СЭЗИС-ийн оюутан Г.Халиунаа туршлагаа хувааалцлаа.

 

С.Билгүүн: Сургуулийнхаа клуб болон сайн дурын ажлаас туршлага хуримтлуулдаг

Шинэ цагийн оюутнууд туршлага хуримтлуулах, хөгжихөд цагаа их зарцуулдаг болсон. Зөвхөн онц сурахын төлөө битгий хичээ. Олон зүйлийг таньж мэдэхийн төлөө оюутан үеэ ашиглаарай. Сургуулийннхаа клубуудын үйл ажиллагаанд оролц, хамрагд. Сайн дурын ажлуудад оролц. Манай үеийнхнээс олон хүүхэд Лантуун дохио ТББ-ын сайн дурын ажилтан. Судлах зүйл ихтэй, хүнд гэгддэг хичээл, лекц, семинарыг ачааллыг тэнцүүлэх нь бас чухал. Логик, философи гэх мэт хичээлүүдийг нэг семистэрт хамтад нь сонгон үзсэнээс хангалттай суралцаж чадахгүй, дахин судлахад хүрэх нь бий хэмээн МУИС-ийн ХЗС-ийн оюутан С.Билгүүн зөвлөсөн.

 

 

 

Мэдээж хэрэг хотод суралцахаар очиход нутгийн аялгаар шоолдог. Үүнд эмзэглээд хэрэггүй. Эхний долоо хоногоос хэтрэхгүй дээ хэмээн оюутнууд дүү нартаа захилаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.