Гэрлээ асаая

Нийгмийн сурвалжилга

2020-07-31

               Өдрийн хоёр цагийн үед нар ид шарж байлаа. Халуун нарыг үл тоон дэвтэр балаа барьчихсан хүүхдүүд уралдан гүйсээр. Хүүхдүүдийн баяр хөөрт хөтлөгдөн тэдний араас дагалаа.  Хөл хорионоос болж гэрээсээ гарч чадахгүй байсан хүүхдүүд очих газартай болж, өөрсдийгөө хөгжүүлж эхэлжээ. Хүүхдүүдийн тасралтгүй орж гарч буй газар бол Баруун Бүсийн Хүүхдийн Хөгжлийн Төв. Үүдээр нь ороход угтагч нь гар ариутгагч, халуун хэмжигч барьчихсан зогсоно. Хүүхдүүд дарааллаараа халуунаа үзүүлээд, улавчаа өмсөөд, нэрээ бүртгүүлээд, хичээллэж буй анги руугаа орох.  Ороход цэв цэвэрхэн орчин угтана. Хүүхдүүд ч үүнд дасан зохицжээ гэмээр бүгд улавчтай орж соёлтой хичээллэнэ. Хичээл орох ангийнхаа гадна цагаасаа эрт ирээд орохоо хүлээгээд сууж буй хүүхдүүд энд тэнд. Анги болгоны гадна хүлээлгийн сандал байрлуулжээ. Тэрхүү сандал дээр өмнөх хичээлээ бататган харж завгүй суух хүүхдүүд олон. В1 давхарт төгөлдөр хуур, морин хуурын чимээ, дуу дуулж буй хүүхдүүдийн дуу сонсогдоно. Хичээлд орохоо хүлээж буй хүүхдүүд хөгжмийн хэмнэлд хааяа нэг хөл, толгойгоо хөдөлгөн сууж, зарим нэг нь хөгжмийн уянгалаг аянд хэдийнээ дуг нойрондоо дугжраад өгч. Харин нэг давхрын коридорт үсээ цэмбийтэл дээр боочихсон, цагаан цамц, хар юбка өмсчихсөн охидууд зогсоно. Бага танхим гэх хаягтай заал уруу бүгдээрээ ороод дуулж эхэллээ. Дууны ангийнхан  сурсан, мэдсэнээ эцэг эхчүүдэд тайлагнах зорилгоор бичлэг хийж байгаа нь энэ аж. Бичлэгээ хийж дуусаад хэрхэн сандарсан тухайгаа ярилцана. Харин эцэг эхчүүд хүүхдээ оруулчхаад гадна эсвэл үүдний сандал дээр зурагт үзэнгээ хүлээнэ. Хүүхдүүд эхнээсээ гарч ирэхэд өнөөдөр юу сурсан? хөгжилтэй байсан уу? багш нь юу заав? хэмээн асуух. Төгөлдөр хуурын ангийн гаднах сандал дээр дүүгээ хүлээн суух Л.Ану-Үжин охинтой хэсэг ярилцлаа.

Л.Ану-Үжин: “Орос хэлний хичээл өглөө ордог болохоор өглөө эрт босох зуршлыг өөртөө бий болгосон. Цэнгээнт бүжиг хурдан хөдөлгөөн шаарддаг учраас өөрийгөө зөв зүйлд дайчилж, өөрт өгөгдсөн цаг хугацаагаа зөв зарцуулж байгаа”

Энэ төвийн дугуйланд яваад чи юу юу сурсан бэ?

Маш олон шинэ зүйлс сураад, олон найзуудтай болсон. Орос хэлний сургалтандаа суучихаад өдөр нь гэртээ ирээд шинэ үгээ цээжлэхэд урамтай гоё байдаг. Бас Орос хэл өглөө ордог болохоор өглөө эрт босох зуршлыг өөртөө бий болгосон. Цэнгээнт бүжиг маш хурдан хөдөлгөөн шаарддаг учраас өөрийгөө зөв зүйлд дайчилж сурсан, өөрт өгөгдсөн цаг хугацаагаа зөв зарцуулдаг болсон.

Чиний явж байгаа сургалт долоо хоногт хэдэн цагаар ордог вэ?

Долоо хоногт хоёр удаа 40 минутаар ордог.

Орж байгаа цаг нь шинэ зүйл сурахад хангалттай байж чадаж байна уу?

Хугацаа богино мэт боловч зүгээр суухаар явж өгдөггүй цаг хугацаа энд ирээд сургалтандаа суухаар маш хөгжилтэй бас хурдан яваад өнгөрчихдөг. Гэхдээ ордог цаг илүү урт байвал гоё.

Хичээл зааж байгаа багш нь таалагдаж байна уу?

Багш уургүй, тайван, маш ойлгомжтой зааж өгдөг. Хичээлээ орохдоо хөгжилтэй байдлаар заадаг болохоор сурахад амархан бас ойлгомжтой байдаг.

Дугуйландаа ирэх дуртай юу?

Маш их дуртай. Олон найзуудтай ч болсон. Цэвэр  орчин, багш нарын зөөлөн, тайван байдал, хүн бүрийн бие биенээ хүндэлж байгаа байдал гээд бүгд таалагдаж байгаа.

          Увс аймгийн 17 мянга орчим хүүхэд бүгд энэхүү төвд тэгш хамрагдах боломжтой эсэх, мөн тус төвийн үйл ажиллагаа хэр явагдаж байгаа талаар тус төвийн захирал С.Дээшинбаяраас тодрууллаа. Нээлттэйгээр хүлээн авч, ойлгомжтой тайлбар өгсөнд баярлалаа.

С.Дээшинбаяр: Энэ төвөө Монголын хүүхдийн ордонтой дүйцэхүйц, чадал нь байвал түүнээс ахисан түвшинд байлгахыг зорино

Баруун Бүсийн Хүүхдийн Хөгжлийн Төвийн үйл ажиллагаа хэр тогтворжиж байна вэ?

Увс аймаг хүүхдэд ээлтэй аймаг болъё гээд зорилго тавьсан. Энэ том зорилгын нэг хэсэг нь манай төв. Саяхан Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-тэй хамтарч ажиллах болж мөн Монголын оюун ухааны академитай гэрээ хийсэн. Монголын оюун ухааны академи нь баруун таван аймагт байхгүй байсан бөгөөд Монгол улсын хэмжээнд манай аймаг ес дэх аймаг нь болсон. Манай төв Баруун бүсийн хүүхдийн төв учраас бүсийн хэмжээнд байхгүй сургалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг сайжруулж ажиллаж байгаа. Хүүхэд бүртэй гэрээ байгуулаад гэрээнийхээ дагуу хамрагдахыг хүсэж байгаа дугуйланд нь хамруулаад явж байна.

Танайд хэчнээн хүүхэд суралцаж байна вэ?

Манай төв нь тавдугаар сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хөл хорионы улмаас сар сараар хүүхдүүдийг ээлжлэн суралцуулж байгаа. Өнгөрсөн сард 6-12-р ангийн 770 хүүхэд 87 хувийн гүйцэтгэлтэйгээр 47 чадвар эзэмшиж, суралцаад төгссөн. Энэ сард нэгээс тавдугаар ангийн 2216 хүүхэд суралцаж байна.

Цаашид юуг, яаж сайжруулъя гэж зорьж ажиллаж байна вэ?

Цаашид манайх Монголын хүүхдийн ордны жишиг загвараар адил төрлийн үйл ажиллагаа явуулж, олон байгууллагуудтай хүүхдийн хөгжлийн төлөө хамтарч ажиллана. Нэгдүгээрт, дугуйлангийнхаа тоог нэмж, үндсэн багш нарыг олон болгож, чанараа сайжруулна. Хоёрдугаарт, энэ төвөө Монголын хүүхдийн ордонтой дүйцэхүйц, чадал нь байвал түүнээс ахисан түвшинд байлгахыг зорино. Мөн хамгийн чухал нь хөтөлбөр. ЕБС-аас ахисан түвшний иж бүрэн хөтөлбөр, ном, сурах бичигтэй болох. Гуравдугаарт, эндээс бэлтгэгдэж гарч байгаа хүүхдүүдийн чадвар, хүмүүжил, төлөвшлийн тал дээр анхаарч, биеэ зөв авч явдаг, зөв хүмүүжилтэй, зөв хүн болох тал дээр нь анхаарч ажиллана.

          2013 оноос эхлэн хүүхдүүдийг урлагт хайртай болгох ажилд гар бие оролцож яваа Б.Төгсбаяр багш гурван хүүхдийг хажуудаа суулгачихсан төгөлдөр хуур зааж байлаа. Энэ эрхэмээс хэдэн зүйл тодруулж болох эсэхийг асуухад дуртайяа зөвшөөрч, бидний яриа их удаан үргэлжлэв. Ярилцаад суухад хүүхдүүдийн ирээдүйн төлөө, Увс аймагт урлаг хөгжихийн төлөөх чин зүтгэл, хүсэл эрмэлзэл нь харагдаж байлаа.

Төгөлдөр хуурын багш Б.Төгсбаяр: “Хоёроос гурван жилийн дараа Увс аймагт симфони найрал хөгжим үүсэх боломжтой байна”

Таны орж буй дугуйланд хичнээн хүүхэд хамрагдаад байна вэ?

Нэгээс тавдугаар ангийн 75 хүүхэд төгөлдөр хуурын дугуйланд хамрагдаад хичээллээд явж байна. Дунд болон ахлах ангийн хүүхдүүд өнгөрсөн сард хичээллээд дууссан. Гэхдээ дуу, хөгжим, бүжгийн дугуйланд хамрагдсан хүүхдүүдийг 6-7-р анги, 8-9-р анги, 10-12-р анги гэж групп болгоод онолын хичээл зааж байгаа.

Дугуйланд хамрагдаж байгаа хүүхдүүдийн идэвх, сонирхол хэр байна вэ? Хүүхдүүд маш идэвхтэй, сурах сонирхол ихтэй байгаа. Бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүртэл ааваараа хүргүүлж ирээд сураад явж байгаа. Тэр чинээгээр хүүхдүүд амралтаа зөв боловсон өнгөрөөж, сурах чин хүсэлтэй эрмэлзэлтэй байна.

Эцэг эхчүүд хамтарч ажиллаж байна уу?

Эцэг эхчүүд ер нь байнга хүүхэд нь юу сурсан, мэдсэн талаар асууж, байнгын холбоо сайтай байдаг. Хүүхдээ хүргэж ирдэг, ирж авдаг, анхаарал сайн хандуулдаг.

Хүүхдүүдийг тэгш хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ?

Зөвхөн урлаг талаас авч үзвэл сайжруулах зүйлс байна. Багшийн тоог нэмээд, сургалтыг илүү өргөн цар хүрээнд явуулаад, хийл болон төгөлдөр хуурын мэргэжлийн багшийг авч ирж ажиллуулж, залуучуудыг Увс аймагт ирээд ажиллах нөхцлийг бүрдүүлээд өгчих юм бол хоёроос гурван жилийн дараа Увс аймагт симфони найрал хөгжим үүсэх боломжтой байна. Мөн Увс аймгийн хүүхдүүдийн 80 орчим хувь нь хөгжмийн боловсрол эзэмших боломжтой болно.

Хүүхдүүд хөгжим тоглож сурах гэдгээс илүү хүн болж төлөвших үйл явц дээр нь багш хүний хувьд та хэрхэн анхаарч байна вэ?

Урлагт дэг журам, сахилга бат, Би биш Бид гэх багаар ажиллах чадвар зайлшгүй хэрэгтэй.  Хүүхдүүд хөгжим тоглож эхэлснээр багаар ажиллах чадварыг эзэмшиж, хамтарч тоглох, нэг нэгэндээ хүлцэнгүй хандах, нэгнээ хүндэтгэх зан чанар бий болж эхэлдэг. Мөн хамгийн чухал зүйл болох эх оронч үзэлтэй болж, эх орноо хайрлаж эхэлдэг. Урлаг өөрөө нийгмийг эмчлэгч юм. Миний хувьд ч ялгаагүй ирээдүйд хөгжимд дуртай, хайртай тийм хүмүүсийг бий болгохын тулд ажиллаж байна.

         Увс аймгийн хүүхдүүдийн хамгийн очих дуртай, “хоёр дахь гэр” нь болсон Баруун Бүсийн Хүүхдийн Хөгжлийн Төвийн талаар товч сурвалжилгыг хүргэлээ.

 

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.