Энтертайнмент

ХӨЛ БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЖИМЭЭР

2020-07-24

   D хэсэг- АНУ, Бельги, Парагвай

D хэсгийн тоглолт долдугаар сарын 13-ны өдөр Централ Паркад АНУ-ын эсрэг Бельгийн тоглолтоор эхэлжээ. Уг тоглолтыг 18’436 хүн үзсэн байна. Шүүгчээр Аргентины Хосэ Масиас ажиллажээ. АНУ-ын шигшээ багийн тамирчин Барт Макги, Том Флори болон Бэрт Пэитнод нар тус бүр гоол оруулснаар 3-0 харьцаатайгаар АНУ хожсон.

Мөн тус өдөр Сэнтэнарио стадионд Парагвайн шигшээ багийн эсрэг Бельгийн баг тоглосон юм. Парагвай улсын тамирчин Луис Варгас Пэньяа 40 дэх минутад гоол оруулсан нь хожлын гоол байжээ. Тус тоглолтыг 79’867 хүн үзсэн юм. Шүүгчээр Бразил гаралтай Жилбэрто дэ Алмэйда Рэго ажиллажээ.

17-ны өдөр Ценрал Паркад АНУ-ын эсрэг Парагвайн баг тогложээ.  Энэхүү тоглолтыг 18’036 хүн үзсэн байна. Тоглолтын шүүгчээр Аргентины Хосэ Масиас ажиллажээ. АНУ-ын шигшээ багийн тамирчин Бэрт Пэитнод тоглолтын 10, 15, 50 дахь минутад гоол оруулсан. Ийнхүү 3-0 харьцаатайгаар АНУ-ын шигшээ баг хожсоноор хэсгээ тэргүүлэн, Парагвайн шигшээ баг удаалжээ.

ХАГАС ШИГШЭЭ

Хэсгээ тэргүүлсэн улсууд болох Аргентин, АНУ, Уругвай, Югослав нар хагас шигшээ тоглолтод шалгарсан юм. Аргентины эсрэг АНУ, Уругвайн эсрэг Югославын шигшээ багууд тоглохоор болжээ. Хагас шигшээгийн эхний тоглолтыг 26-ны өдөр Сэнтэнарио стадионд Аргентины эсрэг АНУ тоглов. Уг тоглолтыг 72’886 үн үзсэн нь анхны дэлхийн аваргын хамгийн олон үзэгчтэй тоглолт болсон юм. Шүүгчээр Бельгийн Жон Лангэнус ажиллажээ. Тоглолтод Аргентины шигшээ багийн Монти, Скопэлли нар тус бүр нэг гоол оруулж, Стабил болон Пэйсэлье нар тус бүр хоёр гоол оруулснаар 6-0 харьцаатайгаар тоглолт өндөрлөж байсан ч эцсийн 89 дахь минутад АНУ-ын тамирчин Браун гоол оруулснаар 6-1 харьцаатайгаар Аргентин хожив.

Хагас шигшээгийн хоёр дахь тоглолтыг 27-ны өдөр Сэнтэнарио стадионд 57’735 үзэгчтэйгээр зохиов. Шүүгчээр Бразилын Жилбэрто дэ Алмэйда Рэго ажиллажээ. Тоглолтын эхний дөрөв дэх минутад Югославын тамирчин Вуядинович гоол оруулан, тоглолтыг тэргүүлж байв. Уругвайн тамирчин Ириартэ нэг гоол, Ансэлмо хоёр гоол, Сеа гурван гоол оруулснаар 6-1 харьцаатайгаар Уругвайн шигшээ баг хожил байгуулсан юм.

Уругвай болон Аргентины шигшээ багууд финалд шалгарсан нь Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн залуу дасгалжуулагчдын аваргын төлөөх тоглолтууд байсан юм.

ФИНАЛЫН ТОГЛОЛТ

1930.07.30. Сэнтэнарио цэнгэлдэх хүрээлэн. Нийт 57’735 үзэгчтэйгээр Дэлхийн аваргын анхны финал тоглолт болов. Уругвай улсын шигшээг 31 настай А.Суппичи дасгалжуулсан бол, Аргентины шигшээ багийг 27 настай Ф.Оласар дасгалжуулжээ. Хөрш хоёр улсын хэнийх нь бөмбөгөөр тоглох талаар цагийн турш хуралдан, Аргентины шигшээ баг өөрсдийн бөмбөгөөр эхний үед тоглохоор болов. Уругвайн шигшээ багийн тамирчин тоглолтын 12 дахь минутад эхний гоолыг оруулсан юм. Улмаар Аргентины шигшээ багийн Пэйсельк болон Стабил нар нэг нэг гоолыг оруулснаар тоглолтыг эргүүлэв. Тоглолтын хоёрдугаар хагас эхлэх үед Уругвайн бөмбөгөөр тоглохоор болжээ. Ийнхүү Уругвай улсын шигшээ багийн тамирчин Ириартэ, Сеа, Кастро нар тус бүр нэг гоол оруулж, 4-2 харьцаатайгаар Уругвай улсын шигшээ баг буюу зохион байгуулагч улс анхны Дэлхийн аварга болов.

/УРУГВАЙ УЛСЫН ЯЛАЛТ/

/ФИНАЛЫН ТОГЛОЛТЫН НЭЭЛТ/

Зөвхөн анхны Дэлхийн аварга л ганцхан хотод зохиогдож байсан түүхтэй. Тэрхүү хот нь Уругвай улсын нийслэл үзэсгэлэнт Монтэвидео хот юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.