My Uvs

АЯЛАГЧДЫН ХӨЛД ДАРАГДАЖ БУЙ УВС АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

2020-07-10

Улаанбаатарын дугаартай том жийп машинууд сонгуулийн үеэр Улаангомын авто замын ачааллыг хэд дахин нэмсэн. Сонгууль дууссан ч Улаангомын замын ачаалал буурсангүй. Ялгаатай нь  Улаанбаатарын болон бусад аймгийн дугаартай том жижиг машинууд хөлхөлдөх. Аймгийн 90 жилийн ойгоор л ийм байсан даа гэж тааралдсан хүмүүс хуучилна. Унаган байгальд дурлагчдын цуваа бууж байгаа нь энэ аж. 


Дураараа эрх нь дэндээд

Дургиж даргиж цагаачилья гэвэл

Дэмийрч би хааш нь явахгүй

Дэлхийн байгаль Увсад минь... буй гэж П.Саманд агсны шүлэглэсэн дэлхийн байгалийг Увсад л харна. Улаангомоос 180 км-ийн радиуст хангай, ой, тал хээр, говь, нуур гээд байгалийн бүхий л үзэсгэлэнг харна.

         Улаанбаатараас засмал замаар 1200 орчим км давхисаар Хяргас нуурын хөвөөнд Хар тэрмэсийн рашаанд сувиллын амралтын газар ирнэ. Мэдээж Тосонцэнгэлээс Улаангом хүртэлх зам бол машин дотроо аягатай цай тавьсан ч цалгихгүй дардан зам хэмээх болсныг тодотгох нь илүүц. Хүмүүсийн хамгийн ихээр зорин очиж байгаа газруудыг сонгон орууллаа. Увс нутгаар аялсан та бүхэн бидэнтэй түүхээ, дурсамжаа хуваалцаарай.

 

ХЯРГАС НУУР

          Улаангом хотоос 135 км зайд орших Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм.

Монголд томоороо дөрөвдүгээрт ордог Хяргас нуурын урт нь 75 км, өргөн нь 31 км. Хяргас нуур нь алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас элбэгтэй. Увс руу аялахаар төлөвлөсөн хүмүүс загасны хэрэгслээ бүү мартаарай. “Хар тэрмэс”-ийн рашаан сувиллын газраас гадна орчин үеийн тохижилттой, тохилог 00, халуун усны шийдэлтэй таван амралтын газар ажиллаж байна. За тэгээд Увсад ирсэн бол “ХЭЦҮҮ ХАД”-ны үзэсгэлэнг харахгүй буцвал алдас болно.

 

ХЭЦҮҮ ХАД

Шохойн цайвар өнгөтэй хадан цохионууд. Нууран дундах шовх асга.  Дээр нь үүрээ зассан усны шувууд. Энэ бол Хяргас нуурын урд хөвөө. Сүүлийн жилүүдэд зорин очдог болсон ХЭЦҮҮ ХАД.  Байгалийн өвөрмөц тогтоц сэтгэл сэргээнэ. Ус нь болор мэт тунгалаг, дотор нь сэлэх загас, жараахай тодхон харагдах нь сэтгэл баясгана. Хэцүү хад уруу явахын тулд Үзүүрийн булагаас салж 60 орчим км шороон замаар явна. Зам нь элсэрхэг байдаг тул явах машинаа зөв сонгож, хувийн бэлтгэлээ ханган аялахыг зөвлөж байна.

 

УВС НУУР

Увсад очсон бол Увс нуурыг үзэх нь зүйн хэрэг. Увс, Хяргас их нууруудын хотгорт -40 хэм хүрч хүйтэрнэ гэсэн сэрэмжлүүлэг мэдээг дуулаагүй хүн ховор. Өвөл нь хасах 40 хэм хүйтэрдэг шигээ зун нь хөрсөн дээрээ нэмэх 50 хэм хүртэл халдаг тус бүс нутаг эрс тэсийн туйл билээ. Увс нуурын тухай ерөнхий мэдээллийг гүүглээс хайгаад олчихно. Зорин ирж байгаа хүмүүст аминчлан хэлэхэд нууранд усанд орох боломжит газарт хүртэл шавар, чулуутай хэсгийг туулах учраас аяны цүнхэндээ усанд өмсөх тохиромжтой углааш хийчихэд илүүдэхгүй. Мөн ус нь давсархаг боловч “зөөлөн” \далайн уснаас хоёр дахин бага\ учраас  хүмүүсийн экземийг анагаадаг хэмээн ярьдаг. За тэгээд нуурын эрэгт боловсон бие засах газар болон усанд орох газар ажилладаг учраас илүү тав тухтай аялж, амрах боломжтой. Улаангомоос 28 орчим км шороогоор явж Увс нуурт очдог шүү.  Биеэр мэдрэх нь илүү таашаалтай билээ.  

 

ҮҮРЭГ НУУР, ДЭГЛИЙ ЦАГААН УУЛ

Улаангомоос баруун хойш Түргэний уулсыг Улаан даваагаар даван 100 км орчим явбал Үүрэг нуур бий. Түргэний уулсын дунд өндөрлөг газарт орших тус нуурыг зорих жуулчид жилээс жилд нэмэгдэж байна. Нуур, нуурын эргэн тойрны уулсыг түшиглэн аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан, ховордсон шувууд амьдардаг. Үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтан харах байгалийн аялал эрхэлдэг нутгийн иргэдийн нөхөрлөлүүд энэ хэсэгт олон бий.  Үүрэг нуураас найман км, цааш хоёр км өгсөж алхсаар “Хоёр сайрын хүрхрээ” гэж газар бий. Үүрэг нуур үзэхээр ирсэн бол “Хоёр сайрын хүрхрээ”-нд заавал очиж үзээрэй. Түргэний уулсын ноён оргил нь Дэглий цагаан. Увсын нисэх онгоцны буудлыг энэ оргилоор нэрлэсэн. Далайн түвшнээс дээш 4096 метр өндөр. Түрэгийн үеийн болон түүнээс өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай Үүрэг нуурын аяллын зам зуурт танилцах боломжтой.

 

ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ

            Хосоор ургадаг вансэмбэрүү... дуунд мөнхөрсөн энэ ховор цэцгийн байгалийн цэцэрлэгт хүрээлэнг Гоожуурын хүрхрээ явахдаа үзэх боломжтой. Нэг сумаар нэжгээд “туулай” буудах аялал Гоожуурын хүрхрээ чиглэлийн аялал юм. Тус хүрхрээ нь Увс аймгийн Ховд сумын нутагт Олон нуурын уулсад оршино. Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метр өндрөөс унадаг. Олон нуурын уулс нь далайн түвшнээс дээш 3000 метр өндөр бөгөөд мөнх цас, сүрлэг хадтай, нэн ховор ирвэс, янгир, аргаль, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй ургамалтай. Мөн том жижиг 108 нууртай.

 

 

 

 

БӨӨРӨГ ДЭЛИЙН ЭЛС, НАРИЙНЫ ЭХ

          

Увс нуурын зүүн талд Бөөрөг дэлийн элсэн бөөрөг залгана. Дэлхийн бөмбөрцгийн хойд үзүүрт орших энэхүү элсэн манхан нь Ази, Евразийн хээр, цөлөрхөг хээр болон Сибирийн мөнх цэвдгийн уулзвар болдог тул хоорондоо эрс ялгаатай байгалийн бүс зэрэгцэн орших хил заагийг харуулсан өвөрмөц онцлогтой. Бөөрөг дэл, Алтан элсний байгалийн олон хэв шинжийг харах гэсэн жуулчид Увсын Зүүнговийг зорин ирэх болсон. Элсэн дундаас эх аван урсах гол, горхиудын хамгийн том нь Нарийны гол. Элсэн манханаас эх аван Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумын нутгийг дамжин 126 километр урсаж, Увс нуурт цутгадаг өвөрмөц тогтоц бүхий байгалийн үзэсгэлэнт газар юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

УВСААР АЯЛАГЧИД: АЯЛЛЫН МАРШРУТЫН ДАГУУ УВС ДОТРОО НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛМООР БАЙНА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.