Энтертайнмент

АЙМГИЙН НААДМЫН СОРИЛГО БАРИЛДААНД АЙМГИЙН НАЧИН Д.ЦЭНД-АЮУШ ТҮРҮҮЛЛЭЭ

2020-07-07

     Увс аймгийн баяр наадмын бөхийн сорилго барилдаан зургааны өдөр  Тэрэм-Хадад боллоо. Сорилго барилдаанд 40 гаруй бөх хүч сорьсноос Тэс сумын харьяат аймгийн начин Д.Цэнд-Аюуш түрүүлж, аймгийн заан Х.Мөнхжаргал үзүүрлэв. Мөн бөхийн тоо сондгойрч, их шөвгийн гуравт Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цогтгэрэл шалгарсан байна.

   Аймгийн арслан Т.Сүрэнжав, аймгийн заан Х.Мөнхжаргал, аймгийн харцага Э.Лхамхүү нар тус барилдааныг ахлав. Барилдааныг нээж Увс аймгийн Биеийн тамир, Спортын Газрын дарга Б.Ганболд бөхчүүдэд хандан аймгийн наадмаар цол чимгээ ахиулсан амжилт гаргахыг хүслээ. Аймгийн арслан Т.Хайдав, аймгийн начин Б.Баттулга, бөхийн дасгалжуулагч Ш.Бат-Очир нар энэ жилийн бөхчүүдийг дасгалжуулж байна.

    Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 11-ны өдөр тэмдэглэнэ. Баяр наадмыг 11 салбар хороо хариуцан зохион байгуулах бөгөөд эрийн гурван наадмаас гадна шагайн харваан тэмцээнийг зохиох юм. Дэлхий нийтээр тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг биелүүлж зохион байгуулалтад онцгой анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Иймд наадмын үеэр үзэгчдийн суудал хоорондын зайг бариулах, амны хаалт зүүлгэх, үзэгчдийн халууныг үзэх зэргээр шаардлагат арга хэмжээг авч ажиллана хэмээн Баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлэв.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.