Энтертайнмент

Үрчлээний бүтээгдэхүүнийг хэрэглэхэд дэндүү залуу юу?

2020-07-06

      Анх үрчлээ гэдгийг зөвхөн залуу хүмүүст хамааралгүй ойлголт гэж боддог байлаа. Гэтэл энэ бүхэн дөнгөж 20-иод насны надад тулгардаг байгаа. Толинд харахад нүдний эргэн тойронд "нарны цацраг" үүссэн нь анхаарлыг минь татав. 40 насны босго давсан бол сэтгэлийн бэлтгэлтэйгээр хүлээж авах байсан биз. ЯАГААД гэдэг асуулт гарч ирснээр судалсан багахан мэдээллээ та бүхэнтэй хуваалцъя.

 

1. Үрчлээс яагаад үүсдэг вэ?

Насны эрхээр хүний арьс унжиж, үрчлээ үүсэж эхэлдэг. Шалтгаан нь арьсан доор байх коллагены эсүүд уян хатан байдлаа алдаж эхэлдэг тул гаднаас үүнийг нөхөж өгөх хэрэгтэй болдог. Өнгөн арьсны доор байх арьсны 70 хувь нь коллагенаас тогтоно. Коллаген гэдэг нь нэг төрлийн уураг бөгөөд хүний биеийн бүхий л уургийн 30 хувийг эзэлдэг. 20-иод насны хүмүүст үрчлээ үүсэх хэдэн шалтгаанн бий. Тухайлбал:

Сэтгэл хөдлөлөө нүүрэндээ ил гаргах.  Энэ бол үнэхээр том шалтгаан. Нүдээ эргэлдүүлж, хөмсгөө дээш доош хөдөлгөх, духаа үрчийлгэх, нарны урдаас онийж харах зэрэг зуршил болсон хөдөлгөөнүүд тань үрчлээс үүсгэх, тэр дундаа зовхины хэсэгт нөгөө цацрагийг үүсгэж орхин шүү .

Суларсан арьс. Таны амны хоёр талд зураас бий юу? Тэгвэл энэ нь суларч, унжсан арьстай холбоотой үрчлээс. Гэрийн нөхцөлд арьсаа арчлах үедээ арьсны судал дагуу массажилж өгөх хэрэгтэй.

2. Хэрхэн арилгаж, сэргийлэх вэ?

Зовхины тос. Нүдний эргэн тойронд мимикийн булчингууд байрладаг. Нүдээ онийлгох, анивчих, хөмсгөө атируулах зэргээс үүдэж мимикийн үрчлээ үүснэ. Зовхины хэсгийн арьс нь хацрын хэсгийг бодвол эмзэг, нимгэн байдаг. Тиймээс нүүрний тосны бүтэц хүнд тул зохимжгүй. Зовхины хэсэгт ЗӨВХӨН зовхины л тос түрхэнэ. 

Аминдэмүүд хэрэглэх. Е, Б, С, А болон коллагены хольцтой аминдэмүүд арьсны өнгө сэргээж, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.

Чийгшлээр хангах. Зовхинд зориулсан шийт маск тавих. 25-аас доош насны хүмүүсийн хамгийн түгээмэл алдаа бол зовхины тос түрхэхгүй явдал юм. 18 нас өнгөрөх үед бидний бие дотроосоо гуужих, тэжээл өгөх байдлаа зогсоодог тул гадны нөлөөгөөр арьсаа тэжээх хэрэгтэй болдог. Иймээс эртхэн урьдчилан сэргийлээрэй.

Нарны тос. Нартай, бороотой, цастай, салхитай ямар ч өдөр хэрэглэх хэрэгтэй. Нарны хэт ягаан туяа нь арьсан дахь коллагены ширхгийг эвддэг тул өөрт таарах нарны тосоо сонгон, түрхээрэй.

Ус. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг тул хэзээ ч ус уухыг мартаж болохгүй. Цэцгийг услахгүй бол ганддаг шиг, ус уухгүй байснаар бие чинь ч гандаж эхлэх болно шүү.

Бүтээгдэхүүний найрлага. Заавал анхаарах хэрэгтэй. Худалдааны зөвлөхөөс асууж, арьс, насандаа тохирсон, харшил өгөхгүй бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.

Эцэст нь өөрийн зүгээс нүүрний иогийг санал болгож байна. Арьс унжих, нүүрний хавагналт, хүзүүний үрчлээ, давхар эрүү зэргийг арилгах нүүрний дасгал гэсэн үг. Хэрвээ туршиж үзэхийг хүсвэл YOUTUBE-ээс FACE YOGA хэмээн хайхад л хангалттай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.