Гэрлээ асаая

LEAD MONGOLIA -2019 МОНГОЛ ДАХЬ ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧДЫН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

2020-05-29

Д.Должинсүрэн: “Орон нутгийн төсвийн хакатон” онлайнаар зохион байгуулна

Lead Mongolia хөтөлбөрөөс олж авсан үнэ цэн тань юу вэ?

Намайг Д. Должинсүрэн гэдэг. Би МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ байгууллагад хөтөлбөрийн менежерээр ажилладаг. Lead Mongolia хөтөлбөрийн 2019 оны Монгол дахь хөтөлбөрт тэнцсэн. Иргэний нийгмийн салбарт ажилладаг миний хувьд хөтөлбөрөөс олж авсан хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрт нийгмийн асуудалд санаа зовнидог салбар салбарын оюунлаг залуучуудтай найзууд болсондоо баяртай байна. Хоёр дахь  нь  асуудлыг олон талаас анзаарч, суурь шалтгааныг шийдвэрлэхэд илүү төвлөрч сурсан. Lead Mongolia хөтөлбөрийн оролцогчид  Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах  \АТИТБС\, Байгаль орчин, хотжилт, Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гэсэн гурван чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг. Би АТИТБС багт орж ажилласан. Хувь хүний хувьд  авлигыг бууруулж, ил тод байдлыг сайжруулснаар байгаль орчны доройтлыг арилгах, ядуурлыг бууруулах боломжтой гэж үздэг. Эдийн засагч, хуульч, сэтгүүлч, нийгмийн ажилтан мэргэжилтэй есөн гишүүнтэй. Ховд, Увс, Сэлэнгэ, Улаанбаатар хотоос баг бүрдсэн.

Төсөвт залуучуудын оролцоог хангах нь яагаад чухал гэж үзсэн бэ?

    Багийн гишүүн бүр өөр өөрийн төслийн санаатай орж ирдэг. Манай  төслийн хувьд гурван гишүүнд Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үр дүнд ажиглалт хийх санаа байсан болохоор  бие даасан хуультай, иргэдийн оролцоог заавал хангах зохицуулалттай тус санд залуучуудын оролцоо ямар түвшинд байдаг вэ гэдгийг судлахаар санал нэгдсэн. Төсөвт залуусын хяналт оролцоог сайжруулах шинэлэг санаа гаргах зорилготой “Орон нутгийн төсвийн Хакатон”-ыг 2020 оны тавдугаар сарын 30-нд цахимаар зохион байгуулна.

“Орон нутгийн төсвийн ХАКАТОН” залуучууд хэр сонирхож байна?

Баруун таван аймгийн залуучуудын дунд нээлттэй зарлаж, цахимаар багуудын өргөдлийг хүлээн авсан. Нийт 66 залуу, 33 баг материалаа ирүүлснээс Ховд аймгаас 4, Баян-Өлгийгөөс-1, Увсаас-2, Говь-Алтайгаас-3 баг нийт 10 багийг шалгаруулаад байна. Нэг баг гурван гишүүнтэй.  Багууд өөрийн байгаа газраасаа цахимаар оролцоно. Багуудын хувьд төсвийн талаарх ойлголт, мэдээлэл сайн байсан. Бид Хакатонд оролцсон багуудын шилдэг санаанд үндэслэн баруун аймгийн удирдлагуудад зөвлөмж хүргүүлнэ.

Хэдэн баг шалгаруулах вэ?

Мэдээж дөрвөн багийг шалгаруулж шагнана. Шагналын сан дөрвөн сая төгрөг. Шагналаас гадна оролцогчид нээлттэй эх сурвалжуудтай ажиллаж, тэдгээрийг харьцуулан судалж боловсруулах ур чадварт суралцана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.