Мэдээ, мэдээлэл

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ

2021-04-26

1. Зээлийн мэдээллийн сангийн зорилго юу вэ?

- Иргэн, аж ахуй нэгжийн санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлж зээлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, Банк, санхүүгийн байгууллагын зээлийн судалгааны зардлыг бууруулах.

2. Зээлийн мэдээллийн сан ямар ач холбогдолтой вэ?

- Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээл, төлбөрийг хугацаандаа төлж, зээлийн сайн түүхтэй болсноор дараа дараагийн зээлийг илүү бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлтэй нөхцлөөр авах боломжийг бүрдүүлнэ.

3. Зээлийн лавлагаанд ямар мэдээлэл тусгагддаг вэ?

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуй нэгжийн сүүлийн зургаан жилийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл тусгагддаг.

4. Зээлийн мэдээллийн лавлагааг хэрхэн авах вэ?

- Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн лавлагааг харилцдаг банк, санхүүгийн байгууллагын төв дээрх зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас өөрийн биеээр бичиг баримттайгаа очиж авна.

5. Зээлийн мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтийг хэрхэн гаргах вэ?

- Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтээ тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагын зээлийн мэдээлэл хариуцсан ажилтанд бичгээр гаргана.

- Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргана.

6. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл хэр хурдан шинэчлэгддэг вэ?

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл, нэмэлт өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг.

- Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэл нийлүүлэгч иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн тэр даруйд тухайн иргэн, аж ахуй нэгжийн мэдээлэл шинэчлэгддэг.

7. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл ямар хугацаанд хадгалагддаг вэ?

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн сан дахь иргэн, аж ахуй нэгжийн бүрэн төлөгдсөн зээл, төлбөрийн мэдээлэл 10 жилийн хугацаанд, төлөгдөж дуусаагүй зээл, төлбөрийн мэдээлэл байнга хадгалагддаг.

8. Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг арилгуулах боломжтой юу?

- “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн мэдээллийн сан дахь иргэн, аж ахуй нэгжийн үнэн зөв зээл, төлбөрийн мэдээллийг 10 жилийн хугацаанд устгах боломжгүй.

- Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуй нэгж нь зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэт бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагаас шаардах эрхтэй.

9. Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн муу түүхтэй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль, дүрэм, журам байдаг уу?

- Ийм хууль, дүрэм, журам байдаггүй бөгөөд тухайн зээл олгогч байгууллага иргэн, аж ахуй нэгжийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг бие даан гаргадаг.

10. Иргэн, аж ахуй нэгж зээлийн сайн түүхтэй болохын тулд юу анхаарах шаардлагатай вэ?

- Банк, санхүүгийн байгууллагаас зээл, санхүүгийн үйлчилгээ авахдаа тогтмол орлого, зардал болон сард төлөх боломжит хэмжээндээ үндэслэж, эргэн төлөх хуваарийг мөн адил зарчмаар байгуулж авах.

- Хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэт барагдуулах.

Эх сурвалж: www,mongolbank.mn

Сэтгэгдэл (24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Gcp.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Lhawga Enhbaatar[66.181.161.87]

Chalingiiin zeel

2023-04-09 13:30:05 0 0 Хариулах